Өнөөдөр буюу 2017.05.21-ны өдөр "Шунхлай" ХХК, "Шунхлай Говь" ХХК-ийн хамт олон мод тарилаа. "Оюу Толгой" ХХК-ийн хангамжийн албанаас санаачлан тус компанид ханган нийлүүлэлт хийдэг 40 гаруй компанийн 400 гаруй ажилтан төрөл бүрийн 500 ш модыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байрлах ундны усны худгийн орчимд тарилаа. "Шунхлай Говь" ХХК нь байгаль орчинд ээлтэй 10 ppm үзүүлэлттэй Дизель түлшийг "Оюу толгой" ХХК-д нийлүүлдэг ханган нийлүүлэгч тул мод тарих үйл ажиллагаанд гар бие оролцож үйл ажиллагааг дэмжин ажиллалаа.

"Шунхлай" ХХК, "Шунхлай Говь" ХХК-ийн ажилтнууд "Шар хуайс" мод тарих хэсэгт хуваарилагдан ажилласан бөгөөд нь Шар хуайс олон наст, 4-7 м өндөртэй бут жижиг мод юм. Шар хуайс нь ургалтын хурдаараа дундаас хурдан ургалттай модны тоонд багтдаг. Тус мод нь тод ногооноос хар ногооны хооронд өнгөтэй, олон жижиг навчтай. Тав, зургаа дугаар сард цэцэглэх ба цэцэг нь шар өнгөтэй, анхилуун үнэртэй байдаг. Мөн түүнчлэн өргөн тархсан чимэглэлийн ургамал бөгөөд тайралт, хяргалтыг маш сайн даадаг учир амьд хайс, хашлага хийхэд ашиглагддаг. Шар хуайсыг мөн элсний нүүдлийг зогсооход ба хажуу, налуу газрыг нуралт, урсалтаас сэргийлж бэхлэхэд ашигладаг.